Хаврын улирал хүний амьсгалын эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ?

Монгол орон нь жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай, агаар нь хуурай цаг агаартай. Яагаад гэвэл далайд гарцгүйгээс гадна далайн түвшнээс дээш дунджаар 1,500 метр өндөрт өргөгдөж оршдог. Улаанбаатар хот ойрын хэдэн жил өвөлдөө утаатай, өвөл зунгүй автомашины түгжрэл харьцангуй ихтэй болж байна.Хаврын улирал ирэхэд шороо тоос босож, хотын амьдрал өрнөж эхэлдэг. Шороо тоос бужигнах нь аргагүй биз, яагаад гэвэл хаврын улирал салхи их, хур бороо бага, ургамал ногоо ургах хугацаа болоогүй учраас тэр байх. Шороо тоос бужигнаж эхлэхэд нарийн бүдүүн ширхэгт тоосонцроос гадна харшил төрүүлэгч хүчин зүйлс агаарт дэгдэж амьсгалын замд орно. Уг тоосонцорын нөлөөгөөр амьсгалын зам цочрохын зэрэгцээ вирус бактерийн халдварт өртөмтгий болж байдаг. Ийм болохоор амьсгалын замын халдвараар өвчлөх, архаг хууч өвчин сэдрэх зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Улаанбаатар хотын хаврын улирал амьсгалын эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хур бороо багатай, ургамал ногоо ургаагүй болохоор автомашины зам дагуу гэлтгүй хаа сайгүй шороо тоос агаарт дэгдэх магадлал өндөр. Нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор гэлтгүй харшил төрүүлэгч аллерги агаарт дэгдэж байдаг. Эдгээр шалтгааны улмаас хаврын улиралд амьсгалын замын эмгэгээр өвдөж, архаг хууч өвчин сэдэрч, харшил хөдлөх зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх муу үр дагавартай.
Яагаад гэвэл та бидний уушги, гуурсан хоолой гэх мэт амьсгалын эрхтэн тогтолцоо гадаад орчинтой шууд харьцаж дээрх тоосонцор амьсгалын замд орж байдаг. Удаан хугацаагаар амьсгалах үед амьсгалын зам цочрох, гадны вирус бактериас хамгаалах тогтолцоо дарангуйлагдах, халдварт өртөмтгий болох зэрэг сөрөг үр дагавартай.

Бичил тоосонцор амьсгалын эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг вэ?

Амьсгалын эрхтэн тогтолцоо гаднаас агаартай хамт нэвтэрсэн жижиг биетийг цэвэрлэж гадагшлуулах, вирус бактериас хамгаалах өвөрмөц механизмтай байдаг. Амьсгалын дээд зам нь намираа хучуур эдийн тусламжтай агаартай хамт гаднаас нэвтэрсэн тоос, бичил биетийг гадагшлуулж амьсгалын замыг цэвэрлэж байдаг. Хэрвээ бичил тоосонцороор амьсгалаад байвал намираа хучуур эд дээр тоосонцор сууж дээрх үйл ажиллагааг дарангуйлж эхэлнэ. Мөн амьсгалын дээд замын салстад дархлааны уураг (lgA) агуулагдаж гадны вирус бактеритай холбогдсоноор халдвар нэвтрэх, өсөж үржих боломжийг дарангуйлдаг. Гэтэл нарийн бүдүүн ширхэгт тоосонцор дээрх салстад сууснаар дархлааны уураг бичил организмтай холбогдох боломжийг сулруулна.
Үүнээс гадна амьсгалын замд орших дархлааны эс гадны вирус бактерийг таньж устгах, биеэс зайлуулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Ийм л учраас бичил тоосонцор амьсгалын эрхтэн тогтолцоог цочроох, харшлыг хөдөлгөх, вирус бактерийн халдварт өртөмтгий болгох, хамгаалах чадварыг бууруулах зэргээр эрүүл мэндэд сөрөг үр дагавартай. Нийслэлчүүд бидний амьсгалын эрхтэн тогтолцоо өвлийн улиралд утаа, агаарын бохирдолтой тулж, хаврын улиралд бичил тоосонцор, хөрсний бохирдолтой тэмцээд их удаж байна. Ийм болохоор хавар зундаа амьсгалын замын уушгины архаг бөглөрөлтөт өвчин, астма зэрэг архаг өвчин сэдэрч, намар өвөлдөө уушгины хатгалгаагаар өвдөхөд нөлөөлөх хүчин зүйл болохыг үгүйсгэхгүй.

Амьсгалын замын эмгэгтэй хүн covid-19 вирусийн халдвараар амархан хүндэрдэг!

COVID19 вирус хэмээх аюулт өвчний эсрэг манай улс төдийгүй дэлхий нийтээрээ тэмцэж байна. Иймд та бид маск зүүх, гараа угаах, хөл хорио зэрэг ач холбогдолтой аргыг сайн хэрэгжүүлж сонор сэрэмжээ чанд сахих хэрэгтэй. COVID19 вирусийн халдвараар хүндэрсэн тохиолдолд хийсэн мета-анализ судалгааны үр дүнгээс товч дурдахад зүрх судасны эмгэгтэй хүн уг вирусийн халдвар авахад эрүүл халдвартай хүнтэй харьцуулахад хүндрэх магадлал 2.9 дахин их байдаг. Харин чихрийн шижинтэй бол 2.47 дахин, уушгины архаг бөглөрөлт өвчинтэй (УАБӨ) бол 6 дахин ихээр хүндрэх эрсдэлтэй юм (Aging,2020).
Өөрөөр хэлбэл, УАБӨ-тэй хүн уг вирусийн халдвараар өвдөхөд суурь өвчингүй эрүүл хүнээс хүндрэх эрсдэл зургаа дахин их. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс амьсгалын дутагдалд орж хүндрэх магадлал энгийн хүнээс 6 дахин их гэсэн үг. Яагаад гэвэл уушгины эмгэг тэр дундаа УАБӨ хүний амьсгалын эрхтэн тогтолцооны эд эс болон цулцан гэмтсэн байдаг. Эрүүл амьсгалын зам болон цулцанд агаар орж хийн солилцоо явагдаж та бид амьсгалдаг. Тийм болохоор амьсгалын зам ба цулцан гэмтсэн нөхцөлд COVID19 вирусийн халдвар хүндээр тусна.

Хаврын улиралд нийслэл хотод ямар арга хэмжээ авбал үр дүнтэй юм бол?

Нийслэл хотод хаврын улирал ирэхэд шороо тоос бужигнаж бичил тоосонцор агаарт дэгддэг болохыг та бид мэдэх билээ. Иймд, энэ тоос шороо тоосонцорыг үр дүнтэй багасгах зүйл бол хур бороо орох, ургамал ногоо ургах, хот тохижилт байх. Энэ зүйл хаврын улиралд тэр бүр бий болохгүй учраас шороо тоос боссон хэсэгт ус цацах, усан оргилуур ажиллуулах зэргээр хуурай агаарыг чийглэж өгвөл тоос шороо, бичил тоосонцор агаарт дэгдэх боломжийг бууруулах ач холбогдолтой.
Тухайлбал,
Нийслэл хотын томоохон гудамжаар өглөө бүр ус цацаж авто замыг чийглэхийн зэрэгцээ замын хажуугийн мод ургамлыг услах
Нийслэл хотын зарим талбайг усан оргилууртай болгон тохижуулж, улмаар дөрвөн сарын дундаас эхэлж ажилд оруулах
Албан байгууллага, хотхон дунд бичил усан оргилууруудыг бий болгох
Орон байр, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж агаар чийгшүүлэгч ажиллуулах
Дээрх арга хэмжээг жил бүр авснаар хаврын улиралд агаарт дэгдсэн тоос шороог буулгаж, хуурай агаарыг чийгшүүлж бичил тоосонцорыг үр дүнтэй багасгах ач холбогдолтой. Улмаар нарийн, бүдүүн ширхэгт, харшил төрүүлэгч тоосонцор багассанаар амьсгалын замын цэвэршиж гадны вирус бактерийн халдварт өртөмтгий бус болно. Мөн нийслэлчүүд бид өглөө бүр ажилдаа явахад чийгтэй цэвэр агаар амьсгалын замд орсноор сэргэж таатай мэдрэмж төрүүлнэ.
Бид өөрсдөө эрүүл амьдрах орчноо бүрдүүлж, эрүүл амьдралын хэв маягаа урлая.

Эх сурвалж: Strategy for prevention and control of Chronic Respiratory Diseases, WHO 2002

Онцлох