Элэгний В вирусын вакцин хийлгэх нь элэгний эмгэг, хатуурал, хавдараас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

Эрт дээр үед хүн төрөлхтөний маш том заналт аюул бол халдварт өвчин (тахал, томуу, ДОХ гэх мэт) байлаа. Энэ том аюулаас сэргийлж аварч чадсан зүйл бол вакцин юм. Хүн төрөлхтөн вакцин ашиглан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чадсанаар гайхамшигтай үр дүнд хүрч чадсан. Монгол орон элэгний хавдарын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлдэг болоод удаж байна. Элэгний эмгэг, хатуурал, хавдарын гол шалтгааны нэг бол элэгний В, С вирус (HBV, HCV) юм. Аз болж манай улсад элэгний В вирусын эсрэг вакцин, элэгний С вирусыг устгах эм орж ирээд багагүй үр дүн авч ирж байна. HBV вакцин хийлгэх нь элэгний эмгэг, хатуурал, хавдар, хүндрэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой болохыг дэлхий дахин хүлээн зөвшөөрч байна.

Элэгний В вирусын вакцин

Вакцин гэдэг бол тухайн вирус бактерын хоруу чанаргүй (эмгэг төрүүлэхгүй) бүтцийн хэсгийг ашиглаж хүний биед зохиомлоор дархлаа тогтоох биологийн идэвхит бэлдмэл юм. Дархлаа тогтсон үед гаднаас тухайн төрлийн вирус бактерын халдвар орж ирэхэд дархлаа тогтолцоо таньж устгадаг. Улмаар тухайн үүсгэгч биед халдварлахгүй байх, халдварласан ч хүндрэхгүй байх ач холбогдолтой. Тэгвэл судалгаагаар HBV-ын (элэгний В вирус) вакцин хийхэд хүний биед дархлаа тогтож, халдвараас 15-30 жил хамгаалах боломжтой байдаг. Нийгэмд зарим нэг буруу ойлголт цацагдаж байна. Тухайлбал, HBV вакцин хийлгэхэд гаж нөлөө ихтэй, харшил үүсгэдэг, аутоиммуни эмгэгийг сэдрээдэг зэрэг ямар ч нотолгоогүй, эх сурвалж хангалтгүй мэдээлэл мэр сэр гарч байна.

HBV вакцины гаж нөлөө ховор тохиолдолд гардаг. Бидний сонгож ярилцсан судалгаанд вакцин хийлгэсэн нийт хүмүүсийн 3-29%-д вакцин хийсэн хэсэг газар улайх, 1-6%-д бага зэрэг халуурах гаж нөлөө гардаг. Аюултай хүндрэл болох анафилаксийн шок 1.100.000 тохиолдолд 1 бүртгэгдсэн байна.
Эх сурвалж болгож ярилцсан судалгаа нь 2005-2017 оны хооронд HBV вакцины талаар хийгдсэн судалгаа, удирдамжийг нэгтгэж хэд хэдэн зөвлөмж боловсруулсан нийтлэл юм. Үүнд чухалчлан өгүүлсэн зүйл бол элэгний В вирусын халдваргүй хүн HBV вакциныг хийлгэх нь элэгний эмгэг, хатуурал, хавдараас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой хэмээн дүгнэсэн байна.

Онцлох