Сэрэмжлүүлэг, Хятад улсын ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн (nCoV) халдвар

Хятад улс, Монгол улсын цагаан сар болж буйтай холбогдуулан хоёр орны хооронд иргэд зорчих явдал ихэсдэг учраас ард иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэв. Уг шинэ төрлийн вирусийн халдварын тохиолдол илэрснээс хойш 20 гаруй хоног өнгөрч байна. Энэ хугацаанд 220 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 4 хүн нас барсан. Саяхан албан ёсоор агаар дуслын замаар хүнээс хүнд халдварлах боломжтой шинэ төрлийн вирус хэмээн нийтэд зарлалаа. Энэ шинэ вирус SARS, EMRS зэрэг коронавирусын төрөл учраас томуугийн вирусийг бодвол хоруу чанар их байх магадлалтай юм.

Шинэ төрлийн коронавирус (nCoV) гэж юу вэ?

2020 онтой зэрэгцэн Хятад улсын Ухань хотын хүнсний захаас шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаатай тохиолдол бүртгэгдэв. Энэ вирусын халдвар өмнө нь бүртгэгдэж байгаагүй короновирусийн шинэ төрөл юм. Уг омгийн вирусийн төрөлд та бидний сайн мэдэх SARS, EMRS зэрэг вирус ордог. Жишээлбэл, 2002, 2003 онд SARS вирусын халдвар Азийн улс орнуудаар тархаж 8000 гаруй хүнд халдварлаж, улмаар 774 хүнийг нас барахад хүргэсэн билээ.

Уг шинэ төрлийн коронавирус (nCoV) нь амьсгалын дээд, доод замын эд эсийг гэмтээж уушгины хатгалгаа үүсгэдэг. Уушгины хатгалгааг шууд үүсгэдэг болохоор томуугийн вирусийн халдварыг бодвол хоруу чанар их байх магадлалтай юм. Ийм болохоор энэ вирусийн халдвар авсан хүний 90%-д өндөр халуурах, 80%-д хуурай ханиалгах, 20%-д амьсгал бачуурах, 15%-д амьсгалын дутагдал, ихэнх хувьд ядарч сульдах зэрэг шинж илэрнэ. Өөрөөр хэлбэл ихэвчлэн вирусийн гаралтай уушгины хатгалгаа үүснэ гэсэн үг.

Бид яагаад сэрэмжлэх ёстой вэ?

Бид одооноос сэрэмжлэхгүй бол манай улсад халдвар илэрвэл олон асуудал дагуулж эхэлнэ. Яагаад гэвэл энэ вирус нь агаар дуслын замаар хүнээс хүнд халдварлах чадвартай юм. Ялангуяа өвлийн улиралд ханиад томуунд дарлагдаж буй бага насны хүүхэд, ахимаг насны хүмүүсийг хүндээр өвчлүүлнэ. Хэрвээ халдвар илэрвэл шинэ төрлийн вирус учраас хэр хоруу чанартай, өвөрмөц эмчилгээнд хэр үр дүнтэй зэрэг асуудал бүрхэг юм. Иймд вирусийн халдвар учраас халдварласан хүнд тохирсон үр дүнтэй өвөрмөц эмчилгээ хомс юм.

Вирусийн халдвар илэрснээс хойш 20 хоног болоход албан ёсоор 223 тохиолдол бүртгэгдэж 4 хүн нас бараад байна. Энэ вирус Хятад улсаас гадна дэлхийн бусад улс орнуудад тархаж эхэлж байна. Тухайлбал, Тайланд 2, Япон 1, Өмнөд Солонгос 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн. Эдгээр вирусийн халдвар нь Хятад улс, ялангуяа Ухань хотоос ирсэн хүнээс илэрсэн аж. 2020 оны 1 сарын 17 өдөр Английн Империал коллежийн тооцоолсноор халдвар 1723 тохиолдолд хүрэх боломжтой гэжээ.
Тэгвэл уг вирусын халдвараас яаж урьдчилан сэргийлэх вэ?

Энэ вирусын халдвар авах эх үүсвэр бол халдварын голомт, халдвар авсан хүнээс агаар дуслын замаар халдварлах боломжтой гэсэн үг. Халдварын голомт Хятад улсын Ухань хотоос гарсан учраас энэ бүс нутгаар зорчихгүй байх хэрэгтэй. Мөн уг вирусаар өвчилсөн хүнээс халдвар тарах боломжтой тул урд хөршөөс ирсэн хүмүүст халуурсан эсэхийг шалгаж илрүүлэг хийх хэрэгтэй.

Халдварын нууц хугацаа гэж байдаг, халдвар авсан хүн ханиад томуу, уушигны хатгалгаа зэрэг зовиур шинж тэмдэгээр илэрдэг тул манай оронд халдварласан хүн орж ирсэн болохыг үгүйсгэхгүй. Иймд, олон нийт, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ ам, хамарны маск зүүж гарын ариун цэврийг сайн сахих шаардлагатай.

Онцлох