Агаарын найрлаганд хүхэрлэг хийн (SO2) агуулагдах ёстой юу?
Агаарын бохирдолыг 1м3 агаарт агуулагдах PM2.5, PM10 зэрэг тоосонцроос гадна хэвийн нөхцөлд үл агуулагдах хийн хэмжээг үндэслэн тооцоолно. Өөрөөр хэлбэл агаарын найрлаганд агуулагдах хүхэрлэг хийн агууламжийг 1 м3 агаар хэдэн мкг хэмжигдэж буйгаар үнэлдэг. Бидний амьсгалж буй агаарын найрлаганд хүхэрлэг хийн агууламж 50мкг/м3-аас (1м3 агаарт 50мкг) бага байх ёстой хэмээн ДЭМБ тодорхойлсон байдаг.Агаарын найрлаганд хүхэрлэг хий хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хүхэрлэг хий бол химийн детергент нэгдэл буюу эд эсийг цочроох төрлийн хий юм. Ийм учраас хүхэрлэг хий ихээр агуулсан агаараар амьсгалахад хүний бие махбодын амьсгалын замд орших эд эсүүд цочирч хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Гэхдээ агаарын найрлаганд агуулагдах хэмжээнээс хамаарч харилцан адилгүй нөлөөлөл үзүүлнэ. Судалгаагаар хүхэрлэг хий 1м3 агаарт 50мкг-аас бага агуулагдвал хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй хэмээн үздэг.Харин агаарын найрлаганд хүхэрлэг хийн агууламж 500мкг/м3 дээш хэмжээтэй (1м3 агаар 500мкг-аас их) агуулагдвал амьсгалын замын намираа хучуур эдийн үйл ажиллагаа алдагдаж амьсгалын замд сөргөөр нөлөөлнө. Уул нь намираа хучуур эд амьсгалын замд орших гадны тоосонцорыг тогтоон гадагшлуулах, шүүрэл ялгаруулж чийглэх, дархлаа урвалд оролцох зэрэг чухал үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Улмаар гадны бохирдуулагчийг цэвэрлэхээс гадна бактер, вирус халдварлах боломжийг бууруулсанаар амьсгалын эрхтэн тогтолцоог эрүүл байлгадаг.
Гэтэл хүхэрлэг хий намираа хучуур эдийг цочроосноор хэвийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар амьсгалын замын хамгаалах тогтолцоо суларч гадны халдварт өртөмтгий болно. Үүний зэрэгцээ гуурсан хоолойн багтраа (астма) сэдрэх, гуурсан хоолойн архаг үрэсвэл даамжрах зэрэг сөрөг нөлөө үзүүлж эхлэнэ.
Харин агаарын найрлаганд хүхэрлэг хий удаан хугацааны турш 250мкг/м3-аас дээш агуулагдвал энэхүү бүс нутагт оршин суух хүмүүсийн амсгалын зам халдварт өвчинд өртөмтгий, амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг нэмэгддэг байна.