Гүйх хэв маягийг хэвшил болгоё
Хүн хөгширч биш хөшиж үхдэг. Хөдөлгөөн бол юугаарч орлуулашгүй эм. Монголчууд бид олон мянган жил тал нутагт амьдарч ирсэн болохоор гүйх бүү хэл маш сайн хөдөлгөөнтэй байв. Сүүлийн хэдэн 10 жил гүйх бүү хэл олигтой алхалт хийж чадахгүй хэв маягтай болсон байна.
Магадгүй, хотжилт хэмээх суурин соёлд шилжсэн болохоор байрандаа амьдарч, байрнаасаа гарч машинд суух зэрэг хөдөлгөөн олигтой хийхгүй хэв маягтай болжээ. Идэвхтэй дасгал хөдөлгөөний нэг хэлбэр бол гүйлт юм. Гүйснээр зүрхний цохилт нэмэгдэж, амьсгалын тоо олширч, хөлс гарч бодисын солилцоо сайжирдаг.Гүйлт гэж юу вэ?
Хүн алхах үед нэгээс нөгөөд шилжилт хийхийн тулд араг ясны тэнхлэг дээр хөндлөн судалт булчин агшилт хийдэг. Алхах үеийн хөндлөн судалт булчингийн агшилтын тодорхой хэмжээний энерги зарцуулалтын үед амьсгаадахгүй, зүрхний цохилт олшрохгүйгээр дасан зохицож чаддаг. Хэрвээ гүйлт хийх үед хөндлөн судалт булчингийн энерги зарцуулалт ихэсч амьсгаадаж, зүрхний цохилт олширч эхэлнэ. Ийм болохоор хүн гүйх үед бие махбодыг алхахаас илүү ачааллуулж тэр хэмжээгээр хүний бие хүчилтөрөгчийг шаарддаг.
Гүйлт бол зүрх, амьсгалын үйл ажиллагааг сайжруулдаг.
Гүйлт бол зүрх судасны эрүүл мэндийг сайжруулдаг. Яагаад гэвэл симпатик мэдрэлийн тонус нэмэгдсэнээр захын судас агшиж зүрхний цохилт нэмэгддэг. Улмаар артерийн даралт ихэсч булчинд очих цусан хангамж ихээр нэмэгддэг. Бид нарын араг ясны булчинд хүчилтөрөгч, тэжээлийн бодис хэрэгтэй болдог тул эргэх холбоогоор амьсгал, зүрх судасны төв идэвхжиж зүрх, амьсгалын тоо нэмэгдэнэ. Улмаар хүн гүйх үед зүрхний цохилт нэмэгдэхийн зэрэгцээ амьсгалын тоо олширч амьсгаадаж эхэлдэг. Гүйлтийг амьдралын хэв маяг болгосноор зүрх, уушгины дасан зохицох чадвар сайжирч титэм судасны эмгэг, тархинд цус харвах эмгэг, ба зүрхний цочмог шигдээсийн эрсдэл буурна. Тухайлбал, Америкийн зүрхний коллежийн сэтгүүлийн мета-анализ судалгааны үр дүнд гүйдэг хүмүүсийн зүрх судасны эмгэгээр нас барах эрсдэл гүйдэггүй хүмүүсээс 45% буурдаг. Гүйснээр цусны судасны нитрик оксидын үүсэлтийг нэмэгдүүлж судасны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.
Гүйлт бол зүрх судасны өвчин, халдварт бус өвчнийг бууруулдаг.
Зүрх судас, хавдар, чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйлд өөх тосын солилцооны алдагдал болох дислипидеми, артерийн даралт ихсэх өвчин, цусан дахь сахарын зохицуулга алдагдах зэрэг хүчин зүйлд гүйлт бол үнэхээр эерэг ач холбогдолтой. Гүйлт бол идэвхтэй дасгал хөдөлгөөний нэг хэлбэр учраас цусанд агуулагдах өөх тосыг шатааж, глюкозыг зарцуулалтыг сайжруулах давуу талтай. Улмаар артерийн даралт тогтворжих, дислипидеми засагдах давуу талтай (Progress in Cardiovascular Diseases). Ялангуяа гүйх хэв маягтай болсоноор сайн холестеролын хэмжээ нэмэгдэж муу холестеролын хэмжээ багасч судас хатуурлын эрсдлийг бууруулна.